Икэбанагийн эхлэлийг Японд Буддын шашны хамт нэвтэрсэн Бурхан Буддад цэцэг өргөх ёсноос үүдэлтэй гэх нь элбэг. Мөн онгон сүнсийг урин залах орон байр хэмээн мөнх ногоон мод тарьж чимэглэдэг байсан Японы эртний уламжлалаас бий болсон гэх тайлбар ч бий. Энэ хоёрын аль нь ч байдаг байлаа гэсэн өнөөг хүртэл Икэбана дамжин өвлөгдөж, хагжиж ирсний цаана өвс ургамалд хандах Японы өвөрмөц сэтгэхүй байдаг нь мадаггүй.
Икэбанагийн талаар ном, эх сурвалжид тодорхой бичигдэх болсон нь Муромачигийн үе /14 дүгээр зууны сүүлээс 15 дугаар зууны дунд үе/-ээс эхтэй. Энэ үед Шоин зүкүри /зочны өрөөг тусгайлан гоёмсог сайхнаар барьдаг/ барилгын хэв маяг, япон цэцэрлэг, Рэнга буюу харилцаа шүлэг, Но жүжиг, цайны ёсон зэрэг Японы өвөрмөц соёл, урлаг бий болсон. Соёл, урлагийн салбарт язгууртан гэр бүл манлайлдаг байсан бол энэ үеэс цэргийн эрхтнүүд хошуучлах болсон. Мөн тэрхүү соёл урлагийг гардан хэрэгжүүлэгчийн олонх нь цэргийн хамжлага иргэд гэгдэх хүмүүс байв. Тэд Шоогүн болон Даймёо хэмээх цэргийн жанжин, эрхтэн нарт үйлчлэхийн хамт шинэ урлаг, арга барилыг үүсгэсэн. Түүний дунд цэцгээр тун сайн урладаг хүмүүс ч байсан ба тэд Татэбана буюу цэцгийн савын голд өндөр мөчир босгодог хэв маягийг бий болгосон. Түүнчлэн Киото хотод дахь Роккакүдоо /Зургаан талт сүм/-гтйн хувраг, Икэнобоо урсгалыг үүсгэн байгуулагч Сэнкэй нарын алдартай цэцэг амилуулагчид төрөн гарч татэбана нь цэргийн эрхтний нийгмээс язгууртны нийгэмд нэвтрэн оржээ.
Икэбана нь Момоягийн үеэс Эдогийн эхнэ үед ихэд түгээмэл болсон. Икэбоно Сэн-Эй, анхдугаар ба хоёрдугаар Сэнкоо нарын хэлбэр талаас нь бий болгосон татэбана тухайн үеийн гол хүмүүс болох худалдаачин иргэдийн дунд түгэн дэлгэрсэн юм. Мөн хэвлэлийн технологи хөгжихийн хамт икэбанагийн тухай бичсэн олон олон ном, материал гарсан нь икэбана жирийн ардын дунд тархахад түлхэц өгчээ.
Оргил үедээ хүрсэн татэбана нь шинийг бий болгох хүчин чадлаа алдаж нарийн төвөгтэй ганган хээнцэр зүйлийн үнэ цэнэ буурахтай зэрэгцэн 18 дугаар зууны дунд үед Сэйка хэмээх хэв маяг гарч ирэв. Сэйка нь икэбанагийн гурвалжин хүрээг “тэнгэр, газар, хүн” эсвэл “Шин, Гёо, Соо” хэмээн нэрлэж татэбанагаас илүү амилуулахад хялбар хэлбэртэй болгосон нь хүмүүст хүрч олон арван урсгал бий болон энэхүү урсгалыг үе залгамжлан дамжуулах систем бий болж ирсэн.
Түүнчлэн Мэйжигийн үед өрнөдийн цэцэг, ургамал тарьж ургуулах болсныг икэбанад хэрэглэсэн Морибанаг Охара Үншин үндэслэн бий болгож, морибана нь икэбанагийн шинэ хэв маяг болон өргөн дэлгэр түгсэн юм. Цаг үеийн том өөрчлөлтийг даган икэбана ч тэр, түүнийг тойрон хүрээлэх орчин ч тэр огцом хурдан өөрчлөгдсөөр байна.
Икэбана нь өргөн мэдлэг, маш нарийн мэдрэмж шаарддагаас гадна амьдралын учир утгыг мэдрүүлж, байгалийн гоо сайхныг таашаах сэтгэгдэл төрүүлдэг юм.


No comments:
Post a Comment